Яагаад Япон ийм жижиг орон мөртлөө хүн ам олонтой юм бэ?
Үнэхээр Япон арлын жижиг орон гэхэд хүн амын нягтаршил өндөр. Хүн ам их нь саяхнаас эхэлсэн хэрэг биш. эрт урьд цагт ч олон байсан гэнэ. Яагаад гэвээ гэвэл ердөө л япон хүн эрүүл болохоор тэр. Япон хүний гарал үүслийн талаар яг тодорхой дүгнэлт байдаггүй. Янз бүрийн орны ,олон янзын ястан үндэстний цус холилдсон болохоор ийм эрүүл чийрэг байгаа гэнэ. Мөн цаг агаар ихээхэн нөлөөтэй аж. Нарийхан урт сунаж тогтсон энэ арал хойд хэсэгтээ цас орж хүйтэн бол өмнөд хэсэгтээ халуун. Чийглэг болон хуурай уур амьсгалыг нэгэн зэрэг агуулсан ганц улс бол Япон юм. Халуун хүйтэн, цас бороо, үер ус, ган гачигийг бүгдийг үзэж туулж ирсэндээ япон хүн ийм амь бөхтэй байдаг аж.
Яагаад Японы машин зам ийм нарийхан юм бэ?
1956 онд Японд хурдан зам тавихаар ирсэн америк мэргэжилтэн Япон шиг машины хөдөлгөөнийг тоодоггүй орон үзээгүй хэмээн дуу алдсан гэдэг. Хөгжилтэй газраас ирсэн хүний нүдэнд япон дундад зууны үеийн шиг харагдаж л дээ. Тэр цагаас хойш их юм өөрчлөгдөж, Япон дэлхийд тэргүүлэх аж үлдвэрийн гүрэн болон хувирсан ч машин зам асуудалтай хэвээр. Шинэ гудмууд мэдээж өргөн сайхан замтай ч хуучин дүүргүүдэд орон сууцны байрнуудын завсраар 2 машин зөрөх аргагүй нарийхан зам, нэг орчвол гарах аргагүй болгодог зам ч олон. Яагаад тэр вэ? Яагаад гэвэл Японд Европ шиг морин тэрэгний зуун байгаагүй болохоор тэр. Европод морин тэрэг одоогийн автобусны үүрэг гүйцэтгэхээс гадна ачаа бараа зөөдөг байсан тул хот барихдаа л морин тэрэгний замаа санадаг байж. Тэгвэл Японд морин тэрэг байсангүй. Дээр үед хүн тэрэг л давхидаг байсан гэнэ. Хүн тэрэг хойно өргөн зам хэрэггүй, хүн юм болохоор хоорондоо ярьж байгаад л зөрөөд гүйгээд яваад өгдөг байсан тул зам харилцаа хөгжөөгүй юм байна.
Яагаад машин замын зүүн талаар давхидаг вэ?
Дэлхийн ихэнх орны машин зам баруун урсгалтай. Зүүн гэвэл Англи, Австрали, Энэтхэг гэсэн хэдхэн орон. Австрали Энэтхэг ч яахав Английн колони байсан тул Английг дуурайжээ гэж үзэхэд Японууд яагаад тэр билээ? Японд барууны соёл нэвтэрж байх тэр үед төмөр зам, шуудан гээд ихэнх зүйл дээр Англиас үлгэр жишээ авж байв. Тэгвэл машин зам ч адил гээд дүгнэлт гаргавал амархан ч үгүй гэнэ. Замын зүүн урсгалын үүх түүхийг мөшгөөд үзвэл их дээр үед очно гэнэ. Машин байгаагүй болохоор замаар явах нь морь, илжиг, нохой муур тэгээд хүн. Тэр үеийн хүмүүс дунд эрх мэдэлтэй томчуул байсан самурайгууд замын зөвхөн зүүн талаар алхдаг байцгаав. Тэд зүгээр нэг зүүн талаар явдаг байсангүй, тодорхой шалтгаанаар зүүндэцгээдэг байв. Яагаад гэвэл сэлмээ бүснийхээ зүүн талд зүүдэг байсан болохоор тэр. Ямар нэг юм тохиолдоход сэлмээ саадгүй хурдан судлахын тулд замын зүүн талаар явах шаардлагатай байв. Тэдний өөдөөс урсгал сөрж яваад мөргөлдвөл амь наснаасаа салах тул хүмүүс айгаад тэдэн шиг л зүүн талаа барин алхах болсон гэнэ. Ингээд 1900 онд явган зорчигч ч, машин ч замын зүүн талаар явна гэсэн хууль батлагджээ.
Яагаад япон эмэгтэйчүүд уруулаа доод талаас нь эхэлж буддаг вэ?
Дэлхийн олон орны эмэгтэйчүүд тэр дундаа монголчууд уруулаа будахдаа дээд уруулаасаа эхэлж буддаг. Тэгвэл япон эмэгтэйчүүд доод талаасаа эхэлж будна. Яагаад? Эдогийн үеээс л япон эмэгтэйчүүд зөвхөн доод уруулаа буддаг байсан гэнэ. Тэр үед янхан хүүхнүүд л дээд уруулаа буддаг байсан тул жирийн эмэгтэйчүүд дээд уруулаа будахыг цээрлэдэг байжээ. Дэлхийн 2-р дайнаас хойш Америкийн нөлөөгөөр дээд талаа ч буддаг болсон ч уламжлал ёсоор эхлээд доод уруулаасаа эхлэн буддаг аж.
Японууд яагаад гар барьдаггүй вэ?
Мэйжийн үеээс эхлэн Японд барууны соёл нэвтэрж, тэд европ хувцас өмсөн, үсээ янзалж, ширээ сандал хэрэглэх болсон билээ. Гэхдээ ганц нэвтрээгүй зүйл бол гар барьж мэндчилэх. 21 зууны өнөөгийн Япон оронд гар барин мэндчилдэг хүмүүс гэвэл улс төрчид л юм. Яагаад гар барих гэсэн хамгийн энгийн гэж хэлж болохоор зүйл энэ улсад тархаагүй билээ? Сэтгэл судлаачдын үзэж байгаагаар хүний биенд хүрж мэндчилэх нь япон хүний сэтгэлд багтдаггүй ойлголт гэнэ. Гар барина гэдэг зэр зэвсэггүй гэдгээ харуулан, харилцан сэтгэл зүрхээ нээцгээе гэсэн утгатай мэндчилгээ. Гэвч япон хүн өөрийх нь бодол санаа харилцагч тань шууд дамжин нээгдэхэд дургүй ард түмэн. Орост бол уулзаад л здоров гээд л гар барьдаг бол Японд метр хэртэй зайнаас сайн байна уу хэмээн бөхөлзөн мэндэлцгээдэг. Хүнтэй танилцаад шууд найз нөхөд брагтай бол болдоггүй зантай япон хүнд энэ нь яг тохирсон мэндчилгээ юм гэнэ.
Яагаад цусны бүлгийн ярианд дуртай вэ?
Янз бүрийн баяр, шоу, нийллэгэн дээр япон залуусын ярих дуртай сэдвийн нэг нь цусны бүлэг гэвэл гайхах биз ээ. Ялангуяа охидууд. О бүлгийн цустай эмэгтэй А бүлгийн эрэгтэйтэй үерхвэл таардаг гэх мэтчилэн хэдэн цагаар ч ярьж мэдэх улс. Цусны бүлгэнд ийм дуртай улс үндэстэн өөр байхгүй байх. Гадаадын бидэнд бол сонирхолгүй дэмий яриа мэт санагдана. Сайн ажаад байваас ярьж байгаа улсууд ч бас нэг их яриандаа итгээд үнэмшээд байгаа юм үгүй мэт. 4 хөн ширхэг цусны бүлгээр бүх хүнийг ангилаад хувааж болохгүй нь мэдээж. Гэвч таалагдахгүй хүн таарвал тэр Б цустай болохоор аргагүй гэх зэргээр ярьна. Энэ нь японууд бүлгээр группээр байх дуртай, нийгмээс саланги байхаас айдаг тул найз нөхөд биш байлаа ч бид нэг цусны бүлэгтэй гэсэн жижиг юмаар ч хамаагүй нэгэн группт орж сэтгэл амардагийг харуулж байгаа гэнэ. Монголд бол цусны бүлэг гэдэг эмнэлэгт хэвтэх, цус сэлбэхэд л хэрэг болдог зүйл гэж бодож явсанаас биш, зан ааш илэрхийлдэг гэж бодож явсангүй.
|