Саяхан Канадын сэтгүүлч Benjamin Fulford ын бичсэн Япон орон аргентин танго бүжиглэх өдөр гэдэг ном уншлаа. Японы эдийн засагт хувьсгал өөрчлөлт хийх хэрэгтэй талаар бичсэн байна. Олон жил Японд амьдарсан энэ сэтгүүлчийн номд хачирхалтай Япон орон гэсэн нэг бүлэг байна. Зарим хэсгийг нь орчуулав.
Изакая зоогийн газарт япон хэл сурлаа.
Яагаад Японд ирээ вэ? Яаж япон хэл сураа вэ? Японд байгаа гадаад хүмүүсийн хамгийн их сонсдог асуулт энэ гэж хэлж болно. Би ч гэсэн хэдэн удаа сонссоноо мэддэггүй юм. Хариулахад их хэцүү асуулт юм. Тийм учир шалтгааны улмаас би Японд ирлээ гээд тоочоод байлтай биш. Тэгээд ч заавал нэг шалтаг байж байж Японд ирэх албагүй билээ. Тийм болохоор би тэдэнд Япон үлгэрийн орон шиг харагдсан болохоор гэж хариулдаг. Үнэхээр анх миний ирж байсан тэр үед Япон үлгэрийн орон байсан гэхэд болно. 3 жил дэлхий тойрон бадарчилж яваад Токиод ирээд за ёстой дэлхийн бөмбөрцгийн хаана ч байхгүй газар ирлээ дээ гэж бодсонсон. 1980 аад оны эхний хагасын Японд амьдрал буцалж, хүмүүсийн нүүрэнд итгэл мөрөөдөл бялхаж байсан. Би Кооэнжид 6 жогийн жижиг өрөө хөлслөн япон хэл сурахаар хэлний сургуульд явж эхлэв. Гэвч энэ сургуульд хэл сурна гэж байхгүй юм байна гэж ухааран 3 хоноод л сургуулиа хаян буудлын дэргэдэх зоогийн газарт ажил хийж эхэлсэн. Түүнийхээ ачаар хагас жил болоход японоор ярьдаг болж, өдийг хүртэл жилийн ихэнх хэсгийг энд өнгөрөөдөг болоод байна. Дипломат байсан аавыхаа ачаар олон орон хэссэн тул харь орны зан заншилд ч дороо л дасдаг.
Хамгийн анх Япон гэсэн орны талаар сонссон маань Мексикт бага сургуульд сурж байсан үе. Тэр үед зурагтаар Японы ウルトラマンгэдэг кино гарж ихэд сонирхон үздэг байлаа. Аргентинд байхдаа Японы элчин сайдын хүүтэй танилцаж наран орны талаар их юм сонссон. Манай гэр бүлийхэн дорнодтой эртнээс холбоотой улсууд. Өвөөгийн эх эцэг эмний худалдаа эрхлэн эртний Шанхайд дэлгүүртэй байсан гэдэг. Оттава дахь гэрт маань Дорнодын ховор сонин юм их бөгөөд гэрийн номын сан маань сургуулийн номын сангаас илүү олон номтой байсан юм даг. Тиймээс би ном их уншдаг байлаа. Канад ой модны орон. Хэдэн ном аваад л ойд орж гарж ирэлгүй хэд хоног ч хамаагүй ном уншаад л хэвтдэг байв. Ой мод миний хувьд эрх чөлөө байлаа.
Удалгүй би гэрээ орхин гарж, Патогонийг зорин аялсан. Анх 2 долоо хоног гэж байсан төлөвлөгөө маань хэдэн сар болон хувирж нэг мэдэхэд би Амазон, Андын нурууг хөндлөн гулд тэнэсэн байв. Бадарчны амьдралд дасан дэлхийг тойрон аялсаар эцэст нь Японд ирсэн. Япон үнэхээр сайхан орон байсан. Яг амьдраар эхэлхээр Японы сайн сайхныг яс махаараа мэдрэнэ. Хаалгаа цоожлохоо мартаад гараад явсан ч санаа зовох зүйлгүй, энд тэнд юмаа гээсэн ч буцаад л хүрээд ирдэг байлаа. Японы хот гудамжны онцлог өвөрмөц байдал, сонин хачинд ч сэтгэл маань татагдсан. Дөнгөж хальт ороод харсан ч бодол төсөөлөлд багтахгүй гүн гүнзгий нууцлаг ертөнц тэнд байлаа. Христосын шашинт Барууны оронд хэзээ ч мэдрэхгүй нэг юм байлаа. Манай гэр Канадад ховор гэж хэлж болохоор шашин шүтлэггүй улсууд байв. Тийм болохоор надад Дорнод тохирж байсан ч байж болох юм.
Гэвч удаан амьдраад эхэлсэний гай юу Японы дутагдалтай талууд ч нүдэнд өртөх болоод эхлэв. Бас яаж ч бодоод ойлгохгүй хачин зүйлс ч ихсэж эхэлсэн. Ганц үгээр хэлбэл Япон миний хувьд одоо ч хачирхалтай орон хэвээр байна. Ингээд Японы хачирхалтай зүйлсийг бичье. Номны маань сэдэвтэй холбоогүй ч цаашдын Японы хөгжилийг бодон үзээд уншигчдад хэрэг болох болов уу гэж бодлоо.
Түүхийн сурах бичиг
Би багадаа Мексикт олон улсын сургуульд сурж байлаа. Үдээс өмнө мексик сургуультай адил хичээл ороод үдээс хойш америк сургуулийн хичээл үздэг байв. Одоо болтол санадаг маань түүхийн хичээл. Нэгэн өдөр 1846-1848 оны Америк мексикийн дайны хичээл орлоо. Хичээл тараад би өнөөдөр 2 өөр дайны тухай хичээл хийлээ гэж бодож байсан юм даг. Тэгсэн нэг дайн байдаг байгаа. Үдээс өмнө Америкчүүд довтлож манай газар нутгийг эзэллээ гэж үзээд америк хичээл дээр болохоор Техасын дайчид Мексикийн армид бүслүүлсэн ч эрх чөлөөнийхөө төлөө эрэлхэг тулалдсаар яллаа гэж заалгахаар хүүхэд яаж нэг дайн гэж ойлгох билээ дээ. Гэхдээ иймэрхүү юмнаас болоод Америк Мексик 2 түүхийн сурах бичигээ зас хэмээн хэрүүл уруул хийдэггүй. Нэгэнт л дайн юм болохоор аль аль талд өөрийн тайлбар, үзэл бодол бий. Эр эм хоёр салж байгаа л юм шиг аль нэг нь 100% зөв гэх юм үгүй. Дайн болсон гэдэг нь түүхээр батлагдан тогтоогдсон үнэн зүйл ч яагаад дайтсан үр дүн нь юу вэ гэдэг дээр хоёр тал өөр өөр байх нь мэдээжийн хэрэг. Итгэхгүй бол дэлхийн бүх орны сурах бичгийг шалгаад үз. Адилхан бичигдсэн юм байхгүй байх вий. Тиймээс би Япон Хятад Солонгосын түүхийн сурах бичиг тойрсон маргааныг ойлгодоггүй юм. Яагаад ч юм Японы сурах бичиг л үргэлж хараалгаж загнуулан зас гэсэн шаардлага хүлээдэг. Яагаад хятад Солонгос одоо болтол энэ асуудлыг сөхөн тавьж, олон улсын асуудал болгоод байна вэ? Япон энэ асуудлаар баримталдаг бодлогоо засан нэг мөсөн шийдэх цаг болжээ. Түүхийн асуудлыг хараад байхад хиймлээр сөхөн гаргаж байгаа юм ажиглагддаг. Өөрөөр хэлбэл энэ хэрүүл хэн нэгэнд хэрэгтэй гэсэн үг. Хэнд гэхээр улс төрчдөд. Тиймээс Япон энэ асуудлаар юу бодож байгаагаа бөөрөнхийлөлгүй хатуу чанга хэлээд үнэн зөвийг дэлхий дахин шүүг дууслаа гэхэд л үнэхээр энэ асуудал дуусах юм.
Дүрэм журмаар дүүрэн орон Япон
Японы нийгмийн бүх салбарт элдэв янзын дүрэм олон. Жишээ нь нийтийн бассейн. Гадаадын хүн хичнээн хямд байсан ч энэ бассейн явдаггүй. Яагаад гэвэл тос хэрэглэж болохгүй, заавал малгай өмсөх, зориулалтын хувцас, хоол ундаа авж орж болохгүй гээд л янз бүрийн хориг олон учраас тэр. Бас нэг гайхалтай юм нь цаг тутамд шүгэл дуугаран бүгдийг нь уснаас гаргадаг явдал. Үйлчлүүлэгчдийхээ эрүүл мэндэд санаа зовж байгаа нь баярламаар ч ёстой хэнд ч хэрэггүй эелдэг зан гэдэг энэ байх. Ийм тэнэг хориг дүрэм байдаг газар бол дэлхий дээр ганц Япон. Тос хэрэглэх юм бол бассейнд орохоосоо өмнө дүүшинд угаа гэвэл болоо. Малгай өмсүүлдэг нь дайны дараахь бохир заваан байсан үед хэрэглэж байсан заншлын үлдэгдэл юм болов уу. Дуртай усны хувцсаа өмсөж болдоггүй нь олон нийтийн газар задгай зайдан байдал гарна гэж сэргийлсэн хэрэг юм болуу. Хоол унд авж ороод тохирсон газар нь идээд заасан газар нь хаяж байвал болоо. Тогтоосон цагт бүгд зэрэг амарж байхаар өөрийн дуртай цагтаа уснаас гарж дуртай цагтаа орж байсан нь сэтгэл санааны дарамт байхгүй. Яагаад япончууд дургүй байсан ч гэсэн энэ олон хэрэгтэй хэрэггүй журманд захирагддаг байнаа? Сүүлийн үед гайгүй болж байгаа ч жоохон дээр үед албан хаагчдын костюм цамцны өнгийг тодорхойлсон бичигдээгүй хууль байсан. Зуны хар халуунд бүгд гонжоомоо өмсөөд л зангиагаа зүүгээд л явж байлаа. Бага ангийн хүүхдүүд адилхан цүнхтэй. Зуны амралтаараа өглөө эрт босож, өглөөний гимнастик радион аяан доор хийнэ. Ахлах ангийхан ч дүрэмт хувцастай.
Японы хүүхэд бусдаасаа ангид юм хийвэл энэ чинь өөр шүү гэж анхааруулга авдаг. Англиар бол It’s different гэвэл магтсан үг болох ч Японд бол загнаж байгаа хэрэг. Англиар анхааруулга өгье гэвэл It’s wrong эсвэл It’s bad гэж тодорхой хэлдэг. Тохирсон тохироогүй дурмэнд баригдах нь их аюултай зүйл. Чөлөөтэй сэтгэх бодох хөдлөхийг боогдуулдаг. Дүрмэнд захирагдахгүй хүнийг шахан гаргадаг Японы нийгэм хүнийг сүрэг мал шиг болгоно. Francis Bacon бороо орохоор нь шүхэр гарган барьжээ. Тэр үеийн Англид эмэгтэй хүн л шүхэр барьдаг байсан тул бүгд л цочирдон гайхсан байна. Тэгвэл одоо бүгд л шүхэр хэрэглэж байна. Японд өөрийн гэсэн Bacon хэрэгтэй байна.
Японы оюутнууд чадвар муу
Гадаадын нэгэн компанийн захирал- Япон шинэ ажилтан авсан чинь ямар ч хэрэггүй амьтан байна гэж хэлэхийг сонсож байлаа. Туршаад жаал юм асуусан чинь мэдэхгүй байж. Тэр захирал – Америк оюутан бол ихэнх нь мэдэж байгаа зүйлийг мэдэхгүй юм. Дээр нь хүнийг ухуулах ярих чадваргүй, логик сэтгэлгээ муу хэмээн үргэлжлүүллээ. Үнэхээр санал нэг байна. Америкт ч канадад ч их сургуульд Японыг бодвол хавьгүй их хичээл хийдэг. Эдийн засгийн хичээл гэхэд л тусгай тэргэжлийн сургуулиас ялгаа байхгүй их юм үзэж тэрүүгээрээ оюутнууд ч мэдлэг олж авдаг. Төгсөнгүүтээ компани байгуулах оюутан ч олон. Аль ч оронд тоглож наадан амьдрах нь зөвхөн хүүхэд. 18 нас хүрсэн бол хичээл хийж юм сурахгүй бол энэ хорвоод амьдрахад хэцүү. Тэгвэл Японд ингэж боддоггүй. Амьдралдаа хамгийн их хичээл хийдэг үе нь бага ангид элсэх шалгалт. Тэгээд дунд сургуулийн шалгалт. Ашгүй орж чадвал тэгээд л дээд сургуулиа төгстөл наргиж зугаалж эхэлдэг залхуу залуус Японоор дүүрэн. Зовж зовж дээд сургуулийн хаалга татсан нэг нь ч оронгуутаа зугаалдаг болоод эхлэнэ. Төгсөөд нэг компанид ороод наргих завгүй болох тул одоо л гэсэн бодолтой. Тэгэхээр дээд сургууль дөнгөж төгссөн хүн хэрэг болохгүй. Овоо юм хийдэг болгон сургахад их цаг хөрөнгө зарцуулна. Арай ядан ажил хийж чаддаг болоод эхлэхээр толгой нь хатуураад тогтоох чадвар нь буураад эхэлдэг. Шинэ зүйл хийе бүтээе гэсэн зүтгэл байхгүй, сэтгэн бодох чадваргүй. Ийм болохоор л Америкаас хол хоцорж байна уу гэсэн бодол төрнө. Олон арван жилийн өмнөөс л боловсролын системийг шинэчлэх хэрэгтэй гэсэн яриа гарж байсан ч одоо болтол юу ч өөрчлөгдөөгүй л байна.
|