Япон Монгол Спорт

Тэмдэглэлийн талаар:

юм юм



Миний холбоосууд

* Нvvр
* Миний талаар
* Хуучин бичлэгvvд
* Найзууд

ЗААНЫГ ТЭМТЭРСЭН СОХОР ХҮМҮҮСИЙН ҮЛГЭР

 
2007 оны 04 сарын 20

Монгол хэлнээ "цадигаа алдсан", "цадиггүй" гэсэн хэллэг бий. Ах захаа хүндэлдэггүй, хүмүүжилгүй хүүхэд, залуусыг тийн нэрлэж заншжээ. Цадиг гэж тэгвэл "хүмүүжил" гэсэн утгатай үг байж таарах нь уу? Үгийн утга түүхийн явцад ихэд өөрчлөгдөж болдгийн нэг жишээ нь энэхүү "цадиг" хэмээх үг мөн. Цадиг нь Монгол хэлнээ самгардиас орсон үг бөгөөд Буддын утга зохиолын "жаатака" хэмээх өвөрмөц нэгэн төрөл юм.

Цадигт голчлон Бурхан багш урд төрлийнхөө явдлаас шавь нартаа ярьж, сургасан өгүүлэмж гардаг. Бурхан багшийн энэ насны явдлыг өгүүлсэн зохиолыг харин "намтар" гэнэ. Намтар нь "рнам - тар" гэсэн төвд үг бөгөөд үгчлэн орчуулбал "үнэхээр тонилсон" гэсэн утгатай болно. Тэр “тонилох” хэмээх утгатай тар нь Тарваа хэмээх нэрний тар мөн бөгөөд “тонилох” гэдэг нь өнөөгийн бидний хэрэглэдэг "үгүй болох" гэсэн утга бус, сансар ертөнцөд төрөөд, хүлээснээс нь "чөлөөлөгдөн", бодь хутгийг олохыг хэлсэн үг болно. Тийм ч учраас Тарпо ченпо буюу "Ихэд тонилгогч" судрыг англиар "Great Liberation" хэмээн орчуулдаг билээ.
Ардын аман зохиолтой сүлэлдсэн олон сайхан сургамжтай цадиг, намтар, сургаал өгүүллүүд байдгаас гүн ухааны хувьд хэзээ ч үнэ цэнээ алдахгүй нэгэн цадигийг та бүхэнд толилуулъя. Дашрамд дурдахад Монгол Ганжуур, Данжуурт иймэрхүү цадиг 500 орчим байдаг гэдэг.
Бурхан багшийн шавь нар баахан бярман өөр өөрийн үзлийг зөвтгөн тайлбарлаж, маргалдан зодолдож буйг хараад Бурхан багшид айлтгасанд Бурхан ийн зарлиг буулгажээ. “Тэрсүүд ном хэчнээн үзэвч үнэнийг олж чадахгүй, ямагт мунхагийн харанхуйд төөрч байна. Тэдний мунхрах нь энэ мэт байна. Эрт урьд цагт Замбутивийн энэ оронд Толин царайт хаан гэж байжээ. Энэ хаан бол Бурханы номыг их уншиж, Ганга мөрний хумхи мэт их эрдэм мэдлэгтэй болжээ. Гэвч түүний шадар түшмэдээс эхлээд албат харцас хүртэл Бурханы номыг мэдэхгүй, тэрсүүдийн номыг биширч галт хорхойн гэрэл, нарны гэрэл хоёрыг ялгаж мэдэхгүй хоорондоо маргаж, сохор амьтан шиг мунхарч байв. Үүнийг Толин царайт хаан мэдээд сохор хүмүүсийн тусламжаар харьяат олондоо юмны үнэн учрыг мэдүүлэх гэж бодов. Тэгээд харьяат улсын дотроос төрөлхөөс сохор олон хүнийг дуудаж ирүүлээд цугласан олон хүний өмнө нэг зааныг авчирч зогсоогоод сохор хүмүүст зарлиг болов: “За та нар энэ зааныг гараараа тэмтэрч үз.” Сохор хүмүүс зааныг энд тэндээс тэмтэрч барьж үзэв. “За, заан гэдэг ямар амьтан байна?” гэж хаан тэднээс асуусанд зааны хөлийг тэмтэрч үзсэн хүн “Багана шиг амьтан” гэв. Зааны сүүлийн үзүүрээс барьсан нь “Шүүр шиг амьтан” гэв. Сүүлний угаас барьсан нь зааныг “Саваа шиг амьтан байна” гэв. Зааны гэдэснээс барьсан нь “Хэнгэрэг шиг амьтан”, хажуунаас тэмтэрсэн нь “Хана шиг амьтан” гэв. Нуруунаас нь барьсан нь “ширээ шиг”, чихнээс нь барьсан нь “дэвүүр шиг”, толгойг нь барьж үзсэн нэг нь “Том хөнөг шиг”, соёог барьсан нь “Эвэр шиг амьтан” гэжээ. Харин хошууг нь барьсан сохор хүн “Бүдүүн дээс шиг амьтан аж” гэв. Тэгээд сохор хүмүүс зааны байдлын тухай маргалдаж эхлэв. Үүнийг үзээд хаан цугласан олонд зарлиг болруун: Та нар эдгээр сохор хүмүүс шиг байна. Бурханы үнэн номыг үзэхгүй тэрс номыг үзээд юмны үнэн учрын тухай маргалдаж байна. Бурханы үнэн ном бол хамарч болшгүй уудам, бүрхэж болшгүй өндөр юм” хэмээжээ. Тэгээд бурхан багш нэмж өгүүлсэн нь “Тэдгээр тэрс үзэлт бярманы маргах нь саяны үлгэрт гардаг сохор хүмүүсийн адил байна. Юмны учрыг мэдэх билэггүй мунхаг болбол юмны тухай хэчнээн маргасан ч тусгүй” гэв. (Ц. Дамдинсүрэн “Монголын уран зохиолын тойм – 2”, УБ, 1976 номын 394-395 тал)
Зааныг тэмтэрсэн сохор хүмүүсийн үлгэрийг заавал буддын шашин гэлтгүй ерөөс аливаа юм үзэгдлийн мөн чанарын тухайд авч үзвэл сонирхолтой. Манайхан ямар нэг юмыг авч хэлэлцэхдээ зөвхөн нэг талаас нь дүгнээд байвал арай уужуу сэтгэдэг нэг нь буруушааж, “бүх юм хоёр талтай” гэсэн үг хэрэглэдэг. Гэтэл одоо энэ үг бас шаардлага хангахгүй болж байна. Яагаад хоёрхон талтай гэж. Сайн муу, сайхан муухай, өндөр нам, өргөн нарийн гэх мэт ойлголтын хооронд хоосон зай л байгаа гэж үү? Сохор хүмүүсийг зөвтгөн өгүүлэхэд, заан бол ширээ шиг ч амьтан, шүүр шиг ч амьтан мөн болой. Угаас хүн бусад хүн болон юмыг өөрөө хэрхэн “тэмтэрч”, анх “юунаас нь барьснаараа” дүгнэдэг амьтан бус уу?
Яг одоо ид өрнөж байгаа маргаанаар жишээ авбаас зарим нэг нь МАХН-ыг алуурчдын нам, зарим нь авилгачдын нам, өөр нэг нь Монгол улсыг өөд нь татсан ачит нам, аав ээжийг маань боловсролд хүргэсэн гэгээн нам гэх агаад зааны үлгэрээр бодоод үзвэл, өвөг дээдсээ хэлмэгдэлд алдсан нэгэнд нь алуурчны нам, эцэг эх нь намын бодлогын хүрээнд хаа нэгтээ сурч боловсроод ирсэн нэгэнд нь бол ачит нам, аливаа ажил бүтээхээр ороход Ху намын ядаж ганц түшмэл хахууль нэхсэн бол авилгачдын нам гэх нь бас зөв болох мэт. Монгол улсын бичиг үсэггүйчүүдийг нэн бага хугацаанд боловсролд хүргэсэн баримт нь үнэхээр гэгээлэг нам гэдгийг нь үзүүлэх бол өөр үзлээр явсан хүнийг хахаж хавчаад байсны хувьд дарангуйлагч нам болох нь бас эргэлзээгүй. Монгол хүүхдийн нэг дуунд, өвөө нь өвөөгийн хүү гээд, эмээ нь бас эмээгийн хүү гээд байхаар нь “өвөөгийн ч хүү, эмээгийн ч хүү мөн дөө би” гэж Нагаржунайн төв ёсны үзлээр асуудлыг нэн таатай шийддэг хүүгээс үлгэр жишээ аван дүгнэвэл, миний л хувьд энэ МАХН гэдэг “авилгачдын ч нам, ачит гэгээн ч нам, алуурчны ч нам, аавыг минь хойно сургуульд төгсгөсөн буянтай ч нам мөн дөө, хөө” хэмээн бас нэгэн сохор Мягмарын Саруул-Эрдэнэ Блүүмингтон хотноо мунхаглан өгүүлбэй. Уг нь “цадиг” гэж юун болохыг таниулахаар эхэлсэн юм сан, улс төр гэж энэ халдвартай өвчин үү???    

                  


Бичсэн: 11:58, 2007-04-29
Сэтгэгдэл бичихt

сайхан үлгэр байна. бид яг л энэ мэт байдаг бөгөөд нүдтэй хүн шиг юмсыг таних гэгээн оюунтай болох болтугай.

Бичсэн: Зочин 17:13, 2012-09-25

Холбоос

Amjilt husey

Ih taalagdlaa, bi bagsh hun. Handlaga gedgiig tailbarlahad saikhan keis boloh yum bn. Tand bayrlalaa.

Бичсэн: Oonoo (зочин) 14:43, 2012-01-19

Холбоос

чөтгөр not talking rolling on the floor инээх

Бичсэн: Зочин 17:05, 2010-11-24

Холбоос

<- Ємнєх хуудас | Дараагийн хуудас ->

free real music ringtonesblackberry-ringtoneairwaves angel ringtonefaringtons musicmotorola ringtones v220free real music ringtoneshigh school musical ringtones2003 aol harrington hotmail yahoocarrington jr linkskarrington



:-)
 
xaax